Монгол банкны ерөнхийлөгчийн мэдээлснээр ипотекийн зээлийн хүү 6-14 хувийн хооронд байх шинэ журам батлагджээ. Зээлийн хүү нь тухайн орон сууцын байршил, талбайн хэмжээнээс хамааран тогтоогдох бөгөөд хотын төвд байрлалтай байшин, орон сууцны хүү өндөр байх бол захын болон алслагдсан хороололд 6 хувь хүртэл буурах зохицуулалттай байна.
Төв банк энэ журмыг арилжааны банкуудад хүргүүлж, одоогоор судалгаа хийгдэж байна. Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах, амины орон сууцанд ипотекийн зээл олгох бодлого баримталж байгаа бөгөөд ногоон амины орон сууцны төслүүдийг ипотекийн зээлд хамруулах шийдвэр гаргажээ.
Ипотекийн зээлийн санхүүжилтийн хувьд өнгөрсөн жил 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт хуваарилагдсан бол энэ онд мөн ижил хэмжээний санхүүжилт олгохоор төлөвлөж байна. Үүний 500 тэрбум төгрөгийг Хуримтлалын сангаас, 800 орчим тэрбум төгрөгийг Төв банк болон арилжааны банкуудаас гаргахаар тооцжээ.